
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа.
Ерөнхийлөгч Ховд аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, бодлого, үйл ажиллагааныхаа хэрэгжилт, санаачилсан хөтөлбөр, хууль, түүний дотор УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой төсөл, улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар танилцууллаа.
“Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, “Цагаан алт”, “Илгээлт-2100” хөтөлбөр улсын хэмжээнд амжилттай хэрэгжиж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.
Үүнд Ховд аймгийн удирдлага, төр, хувийн хэвшил, нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа, ард иргэдийн хүчин чармайлт, хичээл зүтгэл ихээхэн хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийллээ.
