“Алтанзул”, “Дандаа чамайг хайрлаж явъя” зэрэг уран бүтээлийн эзэн “Өргөө ” хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч И.Болоожтой ярилцлаа.
-Сүүлийн үеийн уран бүтээлээсээ манай уншигчидтай хуваалцана уу?
-Ямар ч байсан өдөр бүр амрах завгүй уран бүтээлээ хийж байна. Саяхан “Эх орон” нэртэй CD гаргасан. Энэ маань алтан үеийн уран бүтээлчдийн дан хөгжмийн аяар бүтсэн. Сүүлийн үед гол мөрөн маань ширгэж, байгаль дэлхийгээ хайрлахгүй байна гэж ярих болсон. Үүнд хувь нэмрээ оруулах үүднээс ихэвчлэн гол мөрний тухай уран бүтээлийг түүж орууллаа. “Хэрлэн”, “Сэлэнгэ мөрөн” зэрэг олон сайхан уран бүтээл багтсан байгаа. Мөн дуучин Н.Түмэн-Өлзийд Булган нутгийн тухай “Нутагтаа залбирах дуу” гэсэн уран бүтээл хийж өглөө. О.Анхаа, Г.Халиун хоёрт бас нэг дуу өгчихсөн байгаа.
-“Өргөө” хамтлагийн хувьд ямар уран бүтээл дээр ажиллаж байна?
-Шинэ жилийн тоглолтын бэлтгэлээ базааж байна. Одоогоор шинэ жилийн захиалга эхлэж байна.
-Шинэ жилээр та бүхэн нэг дуугаа хэдээр дуулах вэ?
-Бараг 10-аад хүний бүрэлдэхүүнтэй амьд хөгжмийн хамтлаг гэдэг утгаараа харьцангуй өндөр. Пнограмм тавиад дуулчихдаг дуучдаас ондоо шүү дээ. Техник хэрэгслээ авч явна. Дор хаяж, хоёр сая төгрөг байх болов уу.
-Одоогоор “Өргөө” хамтлагт ямар уран бүтээлчид байна?
-Манайхан “Соёл-Эрдэнэ” хамтлагтай нийлчихсэн байгаа. Манай хоёр хамтлагийн зарим хүн нь гараад явчихсан болохоор нийлж, уран бүтээл хийж байна. Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Жаргалсайхан, дуучин С.Бархас, Цолмон, Ундак, Г.Энхбаяр, Мишээл гэсэн уран бүтээлч ажиллаж байна даа.
-“Өргөө” хамтлагийн 20 жилийн ойн тоглолт нүсэр болж байсан шүү дээ. Харин өнгөрсөн жил 25 жилийн ойгоо нам гүмхэн өнгөрөөсөн байх аа?
-Санаа байсан ч тоглолт хийж чадаагүй. Санхүүгийн хувьд боломж байгаагүй. Шинэ уран бүтээл олон байгаа ч бидний хувьд санхүү дээр гацаад байдаг. Дээр нь манай сонсогчдын тоо цөөрсөн байна. Ер нь урлагийнхныг хараад байхад эмэгтэй дуучин байлаа гэхэд баян нөхөртэй болсон хүмүүс нь гайгүй яваад байдаг байхгүй юу. Яг уран бүтээлээр мөнгө олно гэдэг бол хүнд асуудал. “Үе үе нэг цадна” гэдэг шиг урлагийнхан сонгууль, шинэ жилээр л хэдэн төгрөг зулгаадаг. Тэгсэн чинь сонгууль нь хаагдчихлаа. Энэ нь том цохилт болсон. Учир нь сонгуулийн үеэр олсон хэдэн төгрөгөөрөө цомог, клипээ гаргачихдаг байсан. Тэр нь байхгүй боллоо. Миний хувьд гэхэд 20 жилийн тоглолтоо хийхдээ байраараа зээл авч байсан. 15 сая төгрөг зарлагдсан шүү. Тэгэхээр хэцүү байгаа биз дээ.
-Урлагтай амьдралаа холбоод 40-өөд жил болжээ. Энэ хугацаанд урлагаасаа урвах бодол төрж байв уу?
-Хичнээн хэцүү, бэрхшээлтэй зүйл байсан ч би ганц удаа ч тэгж бодож байгаагүй. Бурхан надад “Чи энүүгээр яваа өөр зам чамд зохихгүй” гээд хэлээд өгчихсөн болохоор түүгээрээ л явж байна.
-Цаашид хэдэн жил явах бол?
-Ямар ч байсан амьд байж л байвал болох байлгүй дээ. Гар, хөл хөдөлж л байхад хөгжмөө орхихгүй. Урлаг бол миний амьдрал юм даа. Уран бүтээл гэдэг маань дуучин, тоглож байгаа хөгжим, шүлэг бүх зүйлээсээ шалтгаалдаг. Түүнээс биш нэг нь л муу байвал хичнээн сайхан шүлэг, аятай байлаа гээд дээшээ гарахгүй л дээ. Тэгэхээр бүгдийг цаг хугацаанд даатгачихсан байгаа.
-Та шүлгийг хэр голдог вэ?
-Маш сайхан шүлэг байвал тэр дороо ая төрдөг. Гэхдээ би хүний шүлгийг голдоггүй. Мөн уран бүтээлчдийг тэр нь муу энэ нь сайн байна ч гэж хэлдэггүй. Тэд өөрсдөө уран бүтээлээ хийгээд явж байвал боллоо шүү дээ.
-Гэхдээ бас дутагдалтай зүйлийг нь хэлэх хэрэгтэй юм биш үү?
-Үгүй. Энэ бол шал дэмий асуудал. Тухайн уран бүтээлч өөрөө шинэ зүйл сэтгэж, бүр больё хуулсан байсан ч хамаагүй. “Тэр ийм, тийм байна” гэж яриад суух нь явуургүй хүний зан. Харин сайхан уран бүтээлийг эвдэж, урлагийн биш болгоод байдаг асуудал дээр уур хүрээд
байдаг юм. Тэр бол бүдүүлэг асуудал.
-Адилхан аятай дуунууд төрлөө гэж яриад байна. Хөгжмийн зохиолч хүний хувьд үүн дээр ямар бодолтой байдаг вэ?
-Тэрийг заавал яриад байх шаардлага байхгүй. Түүнийг ард түмэн сонсч л байвал болоо юм биш үү. Бүх зүйлийг шүүмжлээд байх юм бол шүүмжлэхгүй сэдэв гэж байхгүй. Хэрээс хэтэрчих юм бол хэлж ярихгүй бол бүтэх-гүй байх. Тэнэг хүнд тэнэг гэж яривал өөрөө тэнэг болчихдог гэдэг үг байдаг шүү дээ. Түүн шиг өөрсдөө л уран бүтээлээ хийж байгаа хүмүүсийг муулах гээд яахав дээ. Түүнээс биш хэлчихмээр зүйл олон байдаг. Гэхдээ хэлэхийг хүсдэггүй. Ер нь бүгдээрээ л адилхан байна шүү дээ. Нэгийг нь гоцлоод хэлчих гэхээр нөгөөдөх нь бас л адилхан байдаг. Бид ч адилхан бацаан байсан. Үе үеэрээ л байдаг. Түүнээс биш одоо биднийг залуучууд сонсохгүй шүү дээ. Бидний үеийнхэн л үзнэ.
-Сүүлийн үеийн рок хамтлагууд сонгогчдынхоо боловсролыг голдог болсон байна лээ?
-Эцсийн эцэст миний уран бүтээлийг ойлгохгүй байна гээд гомдоллоод байгаа бол тэр баруундаа очиж дуулахгүй юу. Тэгж бодох утгагүй л дээ. Хэрвээ үнэхээр сайн дуу төрүүлсэн бол шалгуураар гараад л ирнэ.
-Таны зохиосон уран бүтээл одоо хүртэл эгшиглэж байна. Яг ямар үед хөгжим зохиодог вэ?
-Хамаагүй ээ. Завтай цагтаа, хөгжим бичмээр санагдсан үедээ бичнэ. Түүнээс биш сайхан салхитай, эсвэл бороотой өдөр гэдэг ч юм уу, тийм романтик үе гээд байдаггүй.
-Хамгийн их хөдөлмөр шаардсан гэвэл ямар уран бүтээлээ нэрлэх вэ?
-Мартагдсан дуунууд маань л юм даа. Гэхдээ айхтар их хөдөлмөр, ур чадвар гээд байх юу байхав. Миний сэтгэлээс гарсан уран бүтээлүүд шүү дээ. 1970,1980 оны үед монголд рок хөгжим дөнгөж орж ирж байлаа. Бид ихэнхдээ “Хардрок” стилиэр дуулдаг байсан. Одоогийнх шиг задгай дуртай уран бүтээлээ хийгээд явж болохгүй цаг үе байлаа. Барууны урлаг сурталчиллаа гэж донгодуулна. Тэр үед их олон рок дуу зохиосон. Одоо тэд мартагдчихсан. Харин “Алтан зул”, “Дандаа чамайг хайрлаж явъя” гэсэн хөнгөн дуунууд нь үлдсэн байна. Бараг 20,30-аад уран бүтээл маань мартагдчихсан.
-Түүнийгээ сэргээе гэж боддог уу?
-Хэрэггүй биз дээ. Яагаад гэвэл залуу насанд байсан зүйл тэндээ үлдэг. Тэрнийг би заавал сэргээж, дуулна гэж бодохгүй байна. Одоо шинэ уран бүтээлдээ цаг заваа зориулна.
-Тэгвэл 1970,1980 оны сонсогчид одоогийн сонсогчид хоёрын ялгаа нь юу вэ?
-Ер нь ялгаа байхгүй. Гэхдээ тухайн үед мэдээлэл багатай байсан. Харин одоо дуртай уран бүтээлээ сонсож байна шүү дээ. Мөн тэр үед Польш, Унгарын хамтлагууд ирдэг байлаа. Одоо ирэхээ больчихсон. Энэ нь мэдээлэл сайтай болсонтой холбоотой байх. Манай шинэ залуу хамтлагууд барууны уран бүтээлчдийг хуулаад л дуулж байна. Бид ч гэсэн бага байхдаа барууныхныг дуурайдаг л байсан. Үүн дээр зарим хүн шүүмжлээд байдаг юм. Нэгэнт ирэхгүй байгаа уран бүтээлчдийн дуунаас өөрийнхөө дуунд шингээгээд дуулахад юуны буруу байхав дээ. Миний хувьд одоо нас тогтоод ирэхээр монгол аятай, монголжуу уран бүтээл хийе гэсэн бодолтой болсон. Манай эстрадынхан одоо барууны тал руугаа хэлбийчихсэн байгаа.
-Та нарын үеийн гангараа ямар байсан бэ?
-Одооны хүүхдүүд хип хоп гээд л америкийн харуудын өмсдөг өргөн өмдийг өмсдөг болжээ. Бидний үед ч гэсэн барууныхны адил өргөн өмд, савхин хүрэм гээд л өмсч л байсан.
-Тэгвэл одоо тэр стильдээ хэр үнэнч байна?
-Одоо бол хамаагүй болсон. Юу дуртайгаа өмсч байгаа. /инээв/
-Та саяхан “Алтан гадас” одонгоор шагнагдсан байх аа?
-Тийм ээ. Гавьяатад нэр тодорхойлсон юм билээ. Тэгээд Соёлын тэргүүний ажилтан аваагүй болохоор “Алтан гадас” өгсөн гэсэн. 40-өөд жил урлагт зүтгэчихээд СТА аваагүй байна гэдэг чинь миний хайнгынх байх.
-Сүүлийн үед гавьяа шагналын нэр хүнд уначхаад байгаа. Тэрийг ер нь авах хэрэг байна уу?
-Зарим хүн “Тэр дууг та зохиосон юм уу үгүй байлгүй дээ” гэх ч юм уу ойлгодоггүй. Тэгэхээр шагналыг авч байх хэрэгтэй юм билээ. Нэг жишээ ярихад, би хойшоо сургууль яваагүй. Гэхдээ тэр үед хойно сурсан хүмүүс ур чадварын хувьд надаас муу байсан. Тэгсэн мөртлөө надаас өндөр цалин авна. Би хамаг зүйлийг нь хийнэ. Тийм болохоор аливаа зүйлийг авах гэж тэмүүлж байх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Хэрвээ үгүй бол хүмүүсийн сэтгэхүйд энэ үнэхээр уран бүтээл хийж чадахгүй байгаа болохоор гавьяатыг нь авч байна гэсэн ойлголт төрөх болж шүү дээ.
-Гэхдээ одоо хүмүүсийн тэр бодол харьцангуй өөр болсон байх шүү?
-Үгүй ээ. Харин ч одоо бүр их болсон байна лээ. Хаана ч явсан тийм зүйл ажиглагдаад
байгаа.
-Тэгвэл та сэргэлэн биш байж дээ?
-Тухайн үедээ тоодоггүй байсан байхгүй юу. Одоо бол би хөөцөлдөж байна. Яагаад гэхээр гавьяа шагналыг хүн авах хэрэгтэй. Хүмүүсийн харьцаа өөр болж байна шүү дээ.
-Хүүхдүүдээ уран бүтээлч болгосон уу?
-Ерөнхийдөө бүгд урлагийг мэднэ. Гэхдээ би урлагийн хүн болгоё гэж бодоогүй. Их хэцүү шүү дээ. Хэрвээ тэгж явуулсан бол одоо од болоод л явж байх байсан биз. Надад тийм хүсэл байгаагүй.
СЭТГҮҮЛЧ Т.БАТСАЙХАН