Шуурхай мэдээ
2025-08-21

ХӨВСГӨЛ АЙМАГТ 5.2 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЛӨӨ

Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс зүүн зүгт 10 километрийн зайд өнөөдөр 06.16.56 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 5.2 магнитуд байсныг ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ. 

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Иргэдийн хурлын дарга, Ханх сум дахь аврах бүлгийн дарга, малчин нараас тодруулахад, газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн. 07.16 цагийн байдлаар учирсан хохиролгүй тухай мэдээлсэн байна.

Дашрамд дурдахад, газар хөдлөлтийн хүчийг хоёр хэлбэрээр хэмждэг. Магнитуд нь хөрсөн доор, газар хөдөлж байгаа төв хэсгийг хэмждэг үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр, хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг бөгөөд гурваас бага магнитудын газар хөдлөлт хүмүүст онцгой мэдрэгддэггүй бол долоогоос дээш магнитуд хүрэхэд том талбай хамарсан сүйрэл болдог байна. 

Хөвсгөл аймагт 5.2 магнитудын хүчтэй газар хөдөллөө