Шуурхай мэдээ
2025-08-21

УТААНЫ СОНСГОЛЫГ ИРЭХ ОНЫ ХОЁРДУГААР САРД ХИЙНЭ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр /2024.12.25/ хүн амын эрүүл мэндэд ноцтой аюул учруулж буй агаарын бохирдлыг тал бүрээс нь хөндсөн хяналтын сонсголыг 2025 оны хоёрдугаар сарын 3, 4-нд хийхээр товлож, тогтоолыг баталлаа.

Хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн тайлбарласнаар агаарын бохирдлын асуудлаар дэд хэлэлцүүлгүүдийг зохион байгуулах, агаарын бохирдлыг нийслэлээр хязгаарлахгүй Монгол Улсын хэмжээнд асуудлыг хөндөж тавина.

Иргэдийн дунд санал асуулга явуулна, төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийнхнийг сонсголд өргөнөөр оролцох боломжийг хангах, утаа иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа, түүнийг шийдвэрлэх технологи юу байна гэхчлэн олон асуудлыг хөндөх шаардлага тулгарч буй тул бэлтгэл хангахад тодорхой цаг хугацаа шаардаж буй аж.

Сануулахад, нийслэлийн гэр хорооллын яндангаас гарч байгаа утаа агаарын бохирдолд хамгийн их нөлөө үзүүлж буй тул иргэд энэ асуудлаар хяналтын сонсгол хийх санаачлага гаргаж, улмаар 71 мянган хүн саналаа өгснөөр УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулагдаж, нийтийн сонсгол хийхээр болсон юм.

Хяналтын сонсгол зохион байгуулах ажлын хэсгийгУИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ахалж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Х.Баасанжаргал, Ц.Баатархүү, П.Батчимэг, Б.Баярбаатар, Г.Ганбаатар, Л.Мөнхбаясгалан, М.Мандхай, З.Мэндсайхан, Д.Найдалаа, Дам.Цогтбаатар, С.Лүндэг, А.Ундраа, Б.Уянга, С.Эрдэнэболд, С.Замира, М.Ганхүлэг, Ж.Золжаргал, А.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй байгуулаад байна.