Зайсангийн хуучин гүүрийн хөдөлгөөнийг энэ сарын 10-наас эхлэн хааж, тус гүүрийг нурааж шинэчлэх ажлыг эхлүүлэх гэж буй. Тэгвэл зайсангийн гүүрийг нураах болсон шалтгааныг НЗХГ-ын Гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэн тэрбээр, “2022 оноос хойш Зайсангийн гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчлэх, өргөтгөх ажлыг хэрэгжүүлж байна. Тодруулбал, баруун гүүр буюу шинэ гүүрийн хөдөлгөөнийг 2023 оны есдүгээр сард нээж байв. Харин хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 56 жилийн өмнө ашиглалтад оруулсан түүхтэй. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй бөгөөд 2012 онд стандартаар ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс Зайсангийн хуучин гүүрийг буулгаж, шинээр барихаас өөр аргагүй болсон” гэжээ.
Уг гүүрийн өргөтгөл шинэчлэлийн ажилд нийслэлийн төсвөөс 15 орчим тэрбум төгрөг зарцуулахаар болжээ. Гүүрийн бүтээн байгуулалтын ажил энэ оны долдугаар сарын 10 хүртэл үргэлжлэх аж.