Үнэт цаасны зах зээлийн арилжаагаар 2025 оны нэгдүгээр сард 72.2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.4 тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх сараас 194.1 тэрбум төгрөгөөр буурсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Үнэт цаасны нийт гүйлгээний 32.8 хувь нь анхдагч зах зээлийн гүйлгээ, 67.2 хувь нь хоёрдогч зах зээлийн гүйлгээ байна. Үнэт цаасны нийт гүйлгээний 52.0 хувийг компанийн бонд, 31.8 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, 15.6 хувийг компанийн хувьцаа, 0.6 хувийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх тус тус эзэлж байна.
Хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэх ТОП-20 дундаж индекс 2025 оны нэгдүгээр сард 51761.2 нэгж болж, өмнөх оны мөн үеэс 10509.1 нэгжээр, өмнөх сараас 1483.5 нэгжээр өсжээ. Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 2025 оны нэгдүгээр сард 13.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.2, өмнөх сараас 282.9 тэрбум төгрөгөөр өсжээ. Зах зээлийн нийт үнэлгээний 99.8 хувийг Монголын хөрөнгийн бирж, 0.2 хувийг Улаанбаатар хөрөнгийн бирж тус тус эзэлж байна.