Өчигдөр болсон Ардчилсан намын ээлжит “Мэдээллийн цаг” буюу 4:11 уулзалтын үеэр АН-ын гишүүн, Улсын баатар Э.Бат-Үүл болон АН-ын дарга О.Цогтгэрэл нар мэдээлэл хийж, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах Ерөнхийлөгчийн тухай хуультай уялдан мэдээлэл өгөв. Тэрбээр, “Дэлхийд Ерөнхийлөгчийн засаглалтай аль ч улсад ингэж авлигаа ярьж байгаа улс хаана ч байхгүй. Парламентын засаглал өөрөө нээлттэй мэтгэлцээний талбар байдаг учраас тэд бүлэглэл хоорондын зөрчлөө парламент дээр ил болгож, авлигаа ярьсан хэрэг.
Гэтэл нээлттэй засаглал буюу парламентын засаглалаа хаах гэж байна. Авлигын асуудал хөндвөл ёс зүйн асуудал болгож хаах гэж байгаа бололтой. УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдэг чинь сонгогчдын бүрэн эрх юм шүү дээ. Гишүүний бүрэн эрх гэж хувь хүний асуудал ерөөсөө тэнд байхгүй. Гэтэл ёс зүй гэдгээр шалтаглаж байгаа.
Ёс зүйг юу ч гэж мушгиж болно. Би коридорт явж байгаад Ерөнхийлөгчийн хажууд унгачихвал ёс зүйн зөрчил гэж нааж болох асуудал. Сонгогчдынх нь бүрэн эрхийг хурааж аваад Цэцэд өгнө гэж юу гэсэн үг бэ. Анхнаасаа бид Үндсэн хууль батлахдаа үүнийг л болохгүй гэж үзэж байсан. Сонгогчдынхоо эрх ашгийг хамгаалахын тулд УИХ-ын гишүүн аливаа дарамт шахалтад орж болохгүй. МАН улс орныг удирдаж чадахгүй гэдгээ өөрсдөө харуулсан. Одоо парламентын нээлттэй байдлыг халах гэж зүтгэж байна. Би Ерөнхийлөгч энийг хийсэн гэж үзэхгүй байна. Г.Занданшатар энийг захиалж хийлгэсэн гэж харж байгаа. Нээлттэй парламент бол энэ нийгмийн бузар булайг илчилдэг индэр юм шүү” гэсэн юм..
Харин УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл “УИХ-ын гишүүн хариуцлагатай байх ёстой. Хуулийн болоод олон зүйлийг сайжруулах шаардлага бий. Гэхдээ гишүүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг сонгогчид л шийднэ. Гурав дахь этгээд халдах эрхгүй. Хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий ч төлөөлж явуулсан иргэд нь төлөөлүүлэх эрхээсээ татгалзах асуудлаа ярих ёстой юм. Ардчилсан нам парламентын ардчиллын талд үргэлж зогссоор ирсэн. Парламентын дархлааг сулруулж болохгүй” хэмээлээ.

