
Хөнгөн үйлдвэрлэл, ялангуяа ноос ноолуурын салбарыг хөгжүүлэх, олон улсын зах зээлд өрсөлдөхүйц нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлангаар ахлуулсан ажлын хэсэг Зуунмод суманд үйл ажиллагаа явуулж буй “Могол ноос” ХХК-ийн угаах, самнах, ээрмэл утасны болон оёдлын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.
“Монго ноос” компанийн ноос, ноолуур угаах, самнах үйлдвэр нь Төв аймгийн Баянцогт суманд байршилтай. Угаах үйлдвэр нь 2001 онд байгуулагдсан, жилд 5,000 тонн ноос, ноолуур угаах хүчин чадалтай.
Харин самнах үйлдвэр нь 2012 онд байгуулагдсан жилд 150-200 тн самнасан ноос, ноолуур самнах хүчин чадалтай.
Ээрмэл утасны үйлдвэр нь 2013 онд Төв аймгийн Зуунмод суманд байгуулагдсан. Япон, Итали улсын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. 1/18-2/100 номерын нэхмэл, сүлжмэлийн зориулалттай нарийн ээрмэл ноос, ноолуур, акрил полистерийн төрөл бүрийн холиотой жилд 150-300 тонн үйлдвэрлэх хүчин чадалтай. Оёдлын үйлдвэр нь 2017 онд Төв аймгийн Зуунмод суманд байгуулагдсан. Жилдээ 10-30 мянган ширхэг оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай аж.
