Нийслэлийн Засаг даргаар өөрийн хүсэлтээр бус Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн, өвдчихөөд байгаа нийслэлд тулгадсан асуудлыг шийдвэрлэж, оношийг нь тогтоож эмчилж чадах итгэлт хүнээр тодорсон Х.Нямбаатарт Нийслэлийн МАН-ын хорооны даргаар томилж давхар дээл өмсүүлсэн. Тэгвэл НИТХ-ын сонгуульд Нийслэлийн МАН-ыг удирдаж орсон Х.Нямбаатарын баг 45 суудлаас 40 суудал авч нийслэлд МАН олонх болсон. Монгол Улсын Засаг захиргаа түүний удирдлагын тухай хуулийн 56.3, 56.5.1-д заасны даагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд нийслэл Улаанбаатар хотын Захирагчид НИТХ-ын МАН-ын бүлгийн хуралдаанаас Х.Нямбаатарыг 100 хувийн саналаар нэр дэвшүүллээ. Тэгвэл Нийслэлийн ИТХ-ын анхдугаар чуулганы хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Х.Нямбаатар нийт төлөөлөгчийн олонхийн саналаар улиран сонгохыг дэмжиж, уг шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Хотын дарга Х.НЯМБААТАР:
-Ирэх 4 жил нийслэлчүүдийн хувьд их бүтээн байгуулалт, үсрэнгүй хөгжлийн он жилүүд байх болно. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг НИТХ-ын 2024 оны сонгуульд МАН-ын хорооноос дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртэй уялдуулан, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040-д нийцүүлэн, нийслэлийн хүн ам, нийгэм, эдийн засгийн хөгжил, байгаль орчны тэнцвэртэй байдал, засаглалыг сайжруулахад чиглэсэн, нэгдмэл, цогц, харилцан уялдаатай, давхардалгүй, хүртээмжтэй, бүх нийтийн оролцоог хангасан байх зарчмуудыг баримтлан боловсруулж, батлуулах болно гэж мэдэгдлээ.
Мөн Нийслэлийн иргэд МАН-л итгэл үзүүлж 45 суудлаас 40 суудалд нь МАН-аас нэр дэвшигчийг сонгож үнэмлэхүй итгэл хүлээлгэлээ. Нийслэлд үнэмлэхүй олонх болсон МАН-ын бүлгээс Улаанбаатар хотын иргэдийн өмнө туламдаж байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд тогтмол хуралдаж, Засаг даргын үйл ажиллагаанд дүн шинжилгээ өгч, ажлыг нь эрчимжүүлэх чиглэлд хамтран ажиллана. Энэ удаагийн аймаг, нийслэл сум дүүргийн ИТХ-ын сонгуулиар дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгууль хамт явагдсан.
Нийслэлийн 9 дүүргийн 8 дүүрэгт МАН үнэмлэхүй олонх болсон. Энэ долоо хоногт багтаж дүүргүүдийн ИТХ-ын анхдугаар хуралдааныг хуралдуулах тов гарсан. Дүүргийн ИТХ-ын дарга болон дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлж, Нийслэлийн засаг даргад нэрсийг нь хүргүүлнэ. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажил тулсан учраас энэ долоо хоногт хурлуудаа шахан хуралдуулж нийслэлийн өвөлжилтийн бэлэн байдлыг хангах ажилдаа орно.
Нийслэлийн Засаг даргаар томилогдоод бүтэн жил болж байна. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн өмчийг хамгаалах, бүртгэлжүүлэх, эзэнгүйдсэн өмчийг нийслэлийн өмчид бүртгэж авах, нийслэлийн авто замыг бүхэлд нь шинэчлэх, нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууцжуулах бодолго тодорхойлох гэх мэт олон ажлуудыг шат дараатай хийсэн. Мөн цаашид хийж хэрэгжүүлэх ажил, хөгжлийн хөтөлбөрөө олон нийтэд танилцуулсан. Тиймээс иргэд сонгогчид бодлогын өрсөлдөөн, сонгуулийн мөрийн хөтөлбөрт дүн тавьж, ирэх дөрвөн жилд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад аль намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг олгох вэ гэдэг сонголтоо иргэд хийлээ гэв.
ХОТЫН ДАРГААР УЛИРАН СОНГОГДОХ Х.НЯМБААТАР ГЭЖ ХЭН БЭ?
Хишгээгийн Нямбаатар нь 1996 онд Нийслэлийн 48 дугаар дунд сургууль төгссөн. 1996-2000 онд Орхон их сургуульд эрх зүйч /Бакалавр/-аар сурч төгссөн. 2002 онд Орхон их сургууль, Боловсрол судлалын магистр болсон.2008 онд Цагдаагийн академи, /Хууль сахиулахын Их сургууль/ Хууль зүйн ухааны магистр цол хүртсэн.2012 онд Удирдлагын Академи, Төрийн удирдлагын докторант. 2017 оноос Хууль сахиулахын Их сургууль, Хууль зүйн ухааны докторант. Тэрбээр, 2000-2007 онд Орхон их сургуулийн багшийн ажлаас ажлын гараагаа эхлүүлсэн. Улмаар 2005-2009 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч,2009 онд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. 2009-2012 онд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргаас улстөрийн замналаа эхлүүлж, 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын дарга болж дэвшсэн. Ингээд 2016-2023 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны даргаас Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажилласан юм. Улмаар 2023 оны аравдугаар сарын 4-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг Улаанбаатар хотын даргаар ажиллуулах санал дэвшүүлж, 10-р сарын 13-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албан тушаалд очсон.
Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х.Нямбаатарыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн баруун гар гэдэг бөгөөд өнгөрсөн хугацаанд өвлийн хүйтэнд шударга ёсны төлөөх тэмцлийг эхлүүлсэг шударга тавын жагсаалаас хойш тэд улстөрд зузай холбон нөхөрлөж буй. Х.Нямбаатар хотын даргаар томилогдсон даруйдаа “Алсдаа эм мэт тустай, ойрын үедээ давс мэт гашуун зарим шийдвэрийг гаргахаас өөр аргагүй” хэмээн мэдэгдэж байсан юм.