Т.Батцогт: Сонгуульд ялагдсан, ажлаа өгнө

УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр /2024.10.14/ мэдээлэл хийсэн Энэ үеэр АН-ын ЕНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Ганибал хэлэхдээ, Орон нутгийн сонгууль улс орон даяар амжилттай явагдаж өндөрлөлөө. АН энэ удаагийн сонгуульд 330 сумаас 159 суманд ялалт байгуулсан. 21 аймгаас долоод нь мөн ялсан. Есөн дүүргээс нэгийг нь авлаа. Нийслэлд АН ялагдсан. Аймаг, нийслэлд нэр дэвшсэн нийт 794 төлөөлөгчдөөс АН 332-ыг нь авсан. Энэ нь өнгөрсөн 2020 оны орон нутгийн сонгуулийн үзүүлэлтээс өссөн гэсэн үг. Нийслэлийн хувьд санал хураалтыг 20:00 цагт хааж, Баасан гаригт санал хураалт явуулсан нь ирц бага байхад нөлөөлсөн. Нийслэлийн МАН нийт сонгогчдын 16 орчим хувийг авч ялалт байгууллаа. Энэ нь зөвхөн өөрсдөдөө зориулсан дүрмийг бий болгож ялалт байгуулсан. Тиймээс сонгуультай холбоотой хууль дүрэм дээр анхаарч ажиллах шаардлагатай болсон байна. Бүлгийн хурлаар ажлын хэсэг байгуулахаар болсон. Намын дүрэм дээр амжилт гаргаагүй намын дарга нарыг хоёр сарын дотор өөрчлөх заалттай. Мэдээж улс төрийн соёл гэж бий. Амжилтаа бууруулсан доод шатны намын дарга нар өөрсдөө өргөдлөө өгдөг. Өгөөгүй тохиолдолд хоёр сарын дотор өөрчилдөг” гэж мэдэгдээд байсан юм.

Тэгвэл Нийслэлийн ИТХ-ын сонгуульд АН-ыг урирдан орж 45 суудлаас ердөө таван суудал авсан Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдлээ. Тэрбээр, “УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, орон нутгийн сонгуультай холбоотой асуудлуудыг ярьсан байна лээ. Тодорхой сонссон мэдээлэл алга. Сонгуулийн өмнө УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу надтай уулзсан. Нийслэлийн Ардчилсан намыг би хариуцаж ажиллая гэдэг санал гаргасан. Энэ бол хэн нэгэнд май гээд шилжүүлчих албан тушаал биш. Ардчилсан нам бол үндэсний хэмжээний нам өөрийн гэсэн дээд шүүхэд бүртгэгдсэн дүрэмтэй. Дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулна. Үүнийг ч өөрт нь хэлсэн. Үнэхээр Нийслэлийн намын дарга болох бол дотоод сонгуулиар өрсөлдөж гараад ирвэл боломжтой. Намын дүрмээр сонгуульд ялагдсан намын дарга ажлаа өгөх ёстой. Дүрмийн дагуу шийдэгдэх болно” гэв. Дашрамд дурдахад, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг Нийслэлийн дараагийн даргад өрсөлдөх талаарх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар цацагдаад буй.